Мэдлэг
Мэдлэг
ТАНАЙ БИЗНЕСТ СУДАЛГАА ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
БИЗНЕС ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЖ БАЙХ ЁСТОЙ. Аливаа бизнес хөгжихөд нөлөөлдөг гол хүчин зүйл бол судалгаанд суурилсан шийдвэр гаргалт юм. Тэгвэл судалгаа ямар ач холбогдолтой вэ? Шийдвэр гаргалт Судалгаа нь стратегийн шийдвэр гаргахад туслах үнэ цэнэтэй ойлголт, мэдээллийг өгдөг. Бизнесүүд зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчийн сонголт, салбарын динамикийг ойлгохын тулд судалгааг ашиглаж, бүтээгдэхүүн боловсруулах, маркетингийн стратеги, нөөцийн хуваарилалтын талаар мэдээлэлтэй сонголт хийх боломжийг олгодог. Бүтээгдэхүүний хөгжил Судалгаа нь шинэ бүтээгдэхүүн гаргах эсвэл одоо байгаа бүтээгдэхүүнийг сайжруулах талаар мэдээлэл өгдөг. Судалгаа хийснээр бизнесүүд сайжруулах шаардлагатай талбаруудыг тодорхойлж, хэрэглэгчийн сонголтод нийцсэн дизайны онцлогуудыг тодорхойлж, өрсөлдөгчдөөс ялгарах шинэлэг шийдлүүдийг бий болгож чадна. Өрсөлдөх давуу тал Судалгааны үр дүнд бизнес эрхлэгчид өрсөлдөгчдийнхөө давуу болон сул талуудыг ойлгох замаар өрсөлдөөний давуу талыг олж авах боломжийг олгодог. Энэхүү мэдлэг нь тэдэнд санал болгож буй саналаа ялгах, өвөрмөц үнэ цэнийн санал боловсруулах, зах зээлд үр дүнтэй байр сууриа илэрхийлэхэд тусалдаг. Эрсдэлийг бууруулах Судалгаа нь бизнесүүдэд болзошгүй эрсдэл, сорилтуудыг эрт илрүүлэхэд тусалдаг. Зохицуулалтын өөрчлөлт, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, технологийн тасалдал зэргээс үл хамааран судалгаа нь бизнесүүдэд болзошгүй нөхцөл байдлын төлөвлөгөөг идэвхтэй дасан зохицож, боловсруулах боломжийг олгодог. Маркетинг ба брэндинг Үр дүнтэй маркетинг нь хэрэглэгчийн сонголт, зан төлөвийг ойлгоход тулгуурладаг. Судалгаа нь зорилтот маркетингийн кампанит ажил бий болгох, брендийн стратегийг боловсронгуй болгох, зорилтот үзэгчидтэй нийцэх мессежийг боловсруулахад шаардлагатай өгөгдлийг өгдөг.
2023.08.21 15:38
0
ВАВИЛОНЫ ХАМГИЙН БАЯН ХҮН номын тэмдэглэл
Зохиолч: Жорж С. Клэсон Товч Үндсэн 12 бүлэг, 197 хуудастай энэхүү ном нь хүмүүсийн бодит түүхийг хуваалцсан байдлаар, сургамжтай мөртлөө энгийнээр илэрхийлэгджээ. Анх 1926 онд Америкт хэвлэгдсэн даруйдаа бизнесмен, банкируудын дунд ихэд түгж, улмаар банк, даатгалын компаниудаар дамжин тараагдаж, нийтэд алдаршсан байна. Тус номыг орчин үед хэвлэгдсэн олон олон санхүүгийн номын эх сурвалж болсон гэж үздэг бөгөөд 100 жилийн турш үнэ цэнтэй, мэдээлэл нь хуучиршгүй хэвээр байгаа нь гайхалтай. Тэмдэглэл Сахилга баттай хүн санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг... Энэхүү номын баатруудын нэг Аркад хэрхэн Вавилоны хамгийн баян хүн болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн өөрийн түүхээ найзууддаа хуваалцаж буйгаар номын гол бүлэгт хүүрнэдэг. Тэрээр энгийн нэгэн бичээч хийдэг байхдаа олж буй орлогоосоо тогтмол хадгалснаар, санхүүгийн эх үүсвэрээ бататгадаг талаар мэдэж авдаг. Өөрийн олсон 10 зоос тутмын нэгийн хадгалж, есийн зарцуулах арга ухаанд суралцсан нь санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гол нууц нь бөгөөд ийм энгийн ажээ. Та их, бага, ямар ч хэмжээний орлого олсон байж болно, гэр бүл, ирээдүйн амьдралынхаа төлөө орлого бүрийнхээ арван хувийг тогтмол хугацаанд хадгалж хэвших нь хамгийн чухал юм. Ингэхийн тулд та зарим тансаг хэрэглээний зардлаа танах ба бүх зардлаа жагсааж бичээд, тэвчиж чадах зардлуудаа дарж, зөвхөн хэрэгцээт зүйлээ л худалдан аваарай. Орлого өсөхийн хэрээр зардал ч дагаад нэмэгдэж байдаг тул та хүсэл шуналаа түр умартан, хадгалж хэвшсэнээр амжилтад хүрэх нь. Тогтмол, урт хугацаанд хадгалах нь сахилга баттай хүний л хийж чадах үйлдэл ажээ. Номын баатар маань хадгалаад зогсохгүй, оновчтой зүйлд хөрөнгө оруулж, тогтмол орж ирдэг мөнгөний урсгалыг бий болгож чадсан нь санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хамгийн эхний алхам нь болжээ.    Хуримтлуулсан хөрөнгөө арвижуулах түлхүүр... Зөвхөн хадгалснаар баян болдоггүй ба их мөнгөтэй болсны дараа жинхэнэ хариуцлага ирдэг гэдгийг энэ номд өгүүлжээ. Дэврүүн хүсэл, шуналаа дагаж богино хугацаанд их өгөөж амлах зүйлд хөрөнгө оруулбал эрсдэлд өртөх нь дамжиггүй ажээ. Иймд тухайн хийж буй ажлаа мэддэг, туршлагатай, нэр хүндтэй нэгэнд хөрөнгө оруулж, тогтмол хугацаанд өгөөжөө авах нь илүү баталгаатай хөрөнгө оруулалт болох нь. Тогтмол хугацаанд хүртсэн өгөөжөө ч мөн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд дахин оруулахаа битгий мартаарай гэдгийг тод томруунаар, сургамжтайгаар илэрхийлжээ. Зөв, хариуцлагатай, тасралтгүй хөрөнгө оруулалтын өгөөж нь баян болох нэгэн түлхүүр нь болжээ. Түүнчлэн орон гэртээ хөрөнгө оруулахыг хэзээ ч умартаж болдоггүй байна. Орон гэртээ хөрөнгө оруулснаар оюуны мэлмий нээгдэж, дараа дараагийн шидэт боломжууд, орлогын эх үүсвэрүүд өөрөө нээгдэж байдаг учиртай гэнэ.          Өндөр гүйцэтгэлтэй хүнд ирээдүйн орлого нь өөрөө ирдэг... Өөрийн хийдэг ажлаа чин сэтгэлээсээ хамгийн сайнаар гүйцэтгэж, төгөлдөржүүлж чадваас олох орлого нь дагаад нэмэгддэг ба яагаад хүмүүс ялгаатай цалин авдаг нь ердөө л ажлын үр дүнтэй холбогддог байна. Хийдэг ажлынхаа талаар илүү ихийг сурч мэдэхийг эрмэлзэн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр махран зүтгэн, хамгийн сайнаар хийж гүйцэтгэвээс энэхүү ур чадварыг тань дагаад шан харамж харамгүй нэмэгдэж, ирээдүйн орлогын тань үүд хаалга илүү тод гэрэлтэх нь. Номын баатар маань өөрийн уйгагүй зүтгэлээр ур чадвараа нэмэгдүүлснээр нэг өдөрт түүнээс олон шавар самбар сийлэх ур чадвартай хүнгүй болсон төдийгүй санхүүгийн эрх чөлөөнд хүрч, ирээдүйн орлого нь өөрөө ирсэн нууц нь энд оршино. Үнэнч зан, тууштай хөдөлмөрийн үр дүнд аз ирдэг... Үнэнч зан, зөв харилцааг ч тус номд чухалчлан авч үзсэн нь сайшаалтай. Тодорхойгүй байдал үүсгэж, өнөө маргаашаа аргацаах нь хэзээ ч тайван байдалд хүргэдэггүй, байнга гэм хийсэн мэдрэмжийг дагуулж, тухгүй орон зайг үүсгэдэг байна. Их хэмжээний санхүүгийн дарамт, бүтэлгүйтлээс зөвхөн үнэнч зан, зөв харилцаа, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хэрхэн гарч, амжилтад хүрч буйг бүлэг бүрд олонтоо илэрхийлжээ. Хэрэв та өөрийгөө хүндэлдэг бол зээлсэн мөнгөө бушуу түргэн, чадлынхаа хэрээр буцааж төлөгтүн, хэрэв төлж чадахгүй бол хэзээ ч битгий зээл гэдгийг ч дурдаад амжжээ. Алгуурлан суух зан хүн бүрийн дотор байдаг. Бид бүгдээрээ баян болохыг хүсдэг ч боломж бидний өмнө гарч ирэх үед алгуур зандаа хөтлөгдөн, тоолгүй өнгөрөөх нь хэдэнтээ билээ. Хийе гэснээ хийдэг хүмүүст аз юу юунаас илүү дуртай төдийгүй тэднийг л азын бурхан ивээдэг ажээ. Хямралыг даван туулах нь... Энэхүү номын онцлог нь тухайн он цагийг өгүүлсэн жишээ болгоны баатрууд нь үргэлж дардан замаар явсангүй. Зарим нь байсан бүх хөрөнгөө алдсан талаар өгүүлдэг бол зарим нь бүр боол болтлоо туйлдаж явсан ч эцэст нь тэрхүү хямралыг дээрх хэсгүүдэд дурдсанчлан чин шударга хөдөлмөр, эерэг хандлага, тууштай байдлын ачаар даван туулж, гайхшируулам үр дүнд хүрэхийн сацуу бусдад тэрхүү арга барилаа ч зааж сургаж үлдээжээ. Өөрсдийн амьдралын туршлага, амжилтад хүрсэн арга барилаа найзууддаа харамгүй хуваалцаж байгаа нь энэхүү номын бас нэгэн сургамж гэлтэй. Өнөө үед ч олон мянган хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж сайн сайхан зүгт чиглүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү номыг Эс Ай Си Эй ХХК–ийн номын клуб 2023 оны 05 сард сонгон уншив. Тэмдэглэл хөтөлсөн: Т.Пүрэвхүү, Б.Амарбаясгалан Хэлэлцсэн огноо: 2023 оны 06 сарын 05
2023.06.15 16:36
0
ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗАН ТӨЛӨВИЙГ СУДЛАХЫН 8 ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ
Бүтээгдэхүүний бодлогыг тодорхойлох Зорилтот хэрэглэгчдийнхээ эрхэмлэдэг зүйлсийг тогтоосноор тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай борлуулдаг. Иймд тухайн бүтээгдэхүүний бодлогыг хэрэглэгчийн хүсэл, сонирхолтой уялдуулан тодорхойлох боломжийг бүрдүүлж өгдөг нь хэрэглэгчийн зан төлөвийг судлахын хамгийн эхний чухал ач холбогдол мөн. Бүх бизнесийг хөдөлгөгч гол сэдэл нь компанийн бүтээгдэхүүн болон борлуулалтыг нэмэгдүүлэх бөгөөд үүний тулд ямар ч компани болон бизнесүүд хэрэглэгчдийнхээ итгэлийг олох нь хамгийн чухал юм. Харин энэхүү итгэлийг олж авахын тулд бид хэрэглэгчдийнхээ юунд дуртай, ямар хэв маягийг баримталдаг болон юуг эрхэмлэдэг зэргийг нь илрүүлэн тогтоох шаардлагатай. Худалдан авалтад үнэ хэрхэн нөлөөлж буйг ойлгох Хэрэглэгчдийн зан төлөвийг судалснаар бид хэрэглэгчдийн худалдан авах үйл явцад тухайн бүтээгдэхүүний үнэ ямар нөлөөтэй байгааг олж тогтоож болох ба энэ нь хэрэглэгчдийн зан төлөвийг судлахын 2 дах чухал ач холбогдол юм. Бүтээгдэхүүний үнэ хямд байдлаа тогтвортой барих тусам борлуулалт болон хэрэглэгчдийн тоо ихсэх зүй тогтол бий. Бүтээгдэхүүн борлуулагдаж эхэлснээс хэсэг хугацааны дараа компани тухайн бүтээгдэхүүний үнэ хэд байх талаар дахин эргэцүүлэх хэрэгцээ тулгардаг. Учир нь бүтээгдэхүүний үнийг шинэчлэх нь хэрэглэгчдээ ангилах болон борлуулалтын тоог ихэсгэх зэрэгт ихээхэн тусалдаг ба шинэ үнэ хэд байвал тохиромжтой талаар хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаагаар олж мэдэх боломжтой. Зах зээлийн боломжуудыг ашиглах Хэрэглэгчдийн эрхэмлэдэг зүйлсэд өөрчлөлт гарсан байгааг судалж тогтоосон тохиолдолд зах зээлд шинээр үнэ цэнэ олох боломжгүй бүтээгдэхүүнүүд эргэн зах зээлд хэрэглэгчдийн сонирхолд нийцэн орох сайхан боломж бүрддэг ба энэ бол хэрэглэгчдийн зан төлөвийг судлах 3 дах нэн чухал ач холбогдол болно. Бүтээгдэхүүний баглаа боодол, хэлбэр загвар, нэр зэргийг нь өөрчлөн хэрэглэгчдийн одоогийн байдалд тааруулах зэрэг нь зах зээлийн боломжийг ашиглах том жишээ юм. Маркетингийн иж бүрдэл үүсгэх Хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааны тусламжтайгаар бид бизнестээ ашиглах маркетингийн зөв иж бүрдлийг /бүтээгдэхүүн, үнэ, идэвхжүүлэлт, хуваарилалт/ үүсгэх ач холбогдолтой. Бүтээгдэхүүн нь үнэ цэнэтэй, үнийн хувьд тогтвортой, хуваарилалтын байршуулалт нь эрчимтэй бөгөөд нийцтэй байх ёстой бөгөөд эдгээр нь идэвхжүүлэлтийн зөв механизмын дагуу ажиллах шаардлагатай. STP бодлогуудыг хэрэгжүүлэх /STP-Segmentation, targeting and positioning/ Хэрэглэгчдийг сегментчлэх, зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох, хуваарилах зэргийн бодлогуудыг бид хэрэглэгчдийн хэд хэдэн брэндэд хандах хандлагуудыг ойлгож таньснаар хэрэгжүүлдэг. Сонирхол, хэрэгцээ буюу сонголтын хувьд ижил төстэй хэрэглэгчдийн ангилж эцэст нь бүтээгдэхүүнийг зах зээлд хуваарилалтын дагуу байршуулахад хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа чухал ач холбогдолтой. Түүнчлэн аливаа компанийн ямар нэгэн бүтээгдэхүүний олонд танигдах байдлыг эерэг сайнаар бүрдүүлэхэд үүнд хамаарах өрсөлдөгчид болон тэднээс илүү гарах байдал ихээхэн чухал байдаг. Олон янзын сонголтуудыг ойлгох Хэрэглэгчдийн зан төлөвийг судлах 6 дах чухал ач холбогдол бол хэрэглэгчдийн сонголт хийх байдал цаанаасаа маш олон янз байдаг бөгөөд тодорхой хугацаанд тогтмол өөрчлөлттэй байдаг тул эдгээрийг ойлгон таних болно. Өнөө үед хэрэглэгчид сонголтоо маш ухаалаг хийдэг болсон ба тодорхой нэг бүтээгдэхүүн эсвэл брэндээс авч болох ашгийн хамгийн дээд хэмжээг өсгөх хүсэлтэй байна. Худалдан авах шийдвэр гаргалтыг ойлгох Хэрэглэгчид худалдан авалт хийх шийдвэр гаргах явцдаа маш олон дүрд хуваагддаг бөгөөд эдгээр дүрүүд болон шийдвэр гаргалт хийх шат алхмуудыг тогтоон судалж чаддаг нь хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааны 7 дах чухал ач холбогдол юм. Хэрэглэгчид нь шинийг эрэлхийлэгч, сэтгэгч, тэмүүлэгч, туршигч зэрэг олон янзын дүрүүдийг худалдан авах шийдвэр гаргах явцдаа бүтээдэг. Худалдан авах шийдвэр гаргах үе шатын хувьд хэрэгцээгээ таньж мэдэх, хэрэгцээтэй холбоотой мэдээллүүдийг хайх, олон сонголтуудыг үнэлэх, худалдан авах шийдвэр гаргах зэргээр ангилагдана. Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үр дүн Тухайн бүтээгдэхүүн хэрэглэгчийн хүлээлттэй нийцэж буй эсэхийг хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар дамжуулан ойлгоход хэрэглэгчдийн зан төлөвийн 8 дах чухал ач холбогдол оршино. Хэрвээ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хүлээлтийг давж чадсан байвал сэтгэл ханамжийн үр дүн гайхалтай байна гэсэн үг. Байгууллагад санхүү, бүтээгдэхүүн, маркетинг гэх мэт олон төрлийн хэлтэс, газрууд байдаг ч гэлээ бүгд хэрэглэгчдийн хүсэл, сонирхлыг хангах нэг зорилгын дор ажиллаж байна.
2019.07.16 17:39
0
СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА ХИЙЛГЭСНЭЭР ГАРАХ ҮР ДҮН БА ХӨГЖЛИЙН ШАТ
Сэтгэл ханамж нь маркетингд маш өргөн хэрэглэгддэг үг хэллэг бөгөөд компани болоод түүний санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгчийн хүлээлтэд хэрхэн нийцэж байна вэ гэдгийг тодорхойлдог өргөн ойлголт юм. Сэтгэл ханамж нь тодорхой хэмжүүрийн дагуу тооцогддог ба бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх шат дамжлагыг нарийн тодорхойлж өгдгөөрөө давуу талтай. Та хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг хийлгэснээр дараах үр дүнг болон төлөвлөгөөг боловсруулан гаргах боломжтой. Үүнд: 1. Давуу болон сул талаа мэдэх Сэтгэл ханамжийн судалгаанаас гарах эхний үр дүн бол танай байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох үзүүлэлт бүрээс хэрэглэгчийн мэдэрч буй сэтгэл ханамжийн түвшнийг үнэлэн гаргадаг. Эндээс хэрэглэгчид танай бүтээгдэхүүн, үйлчилгээний юунд нь сэтгэл ханамжтай байгаа болон сэтгэл ханамжгүй байгааг тодорхой болгож өгөх юм. 2. Ач холбогдол ба бодит байдлын зөрүү Байгууллагын хувьд хамгийн гол анхаарах зүйл бол санал болгож буй үзүүлэлт тус бүрийн сэтгэл ханамжийг хэрэглэгчийн өгч буй ач холбогдлоос ямагт илүү байлгах асуудал юм. Эндээс таны бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн хүлээлтэд хэрхэн нийцэх болон хүрч ажиллаж чадахгүй байгааг тодорхойлох болно. 3. Сэтгэл ханамжийг удирдагч хүчин зүйл ба үнэнч хэрэглээний суурь үзүүлэлт Нийт гарч буй сэтгэл ханамж болоод ач холбогдлын үзүүлэлтээс тус бүрийн дунджийг даван гарч буй хэсэг бол хэрэглэгчдийн үйлчлүүлж буй гол шалтгаан ба бусдаас ялгарах гол давуу тал юм. 4. Гаргаж буй үргүй зардлыг тодруулах ба урьдчилан сэргийлэх Дээрх үр дүн тус бүрээс байгууллагын түвшинд гаргасан зардал үр дүнтэй байсан эсэхийг үнэлэх боломжтой. Тухайлбал, танай байгууллага тодорхой нэг үзүүлэлтэд ач холбогдол өгөн, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байж болно. Гэтэл тухайн үзүүлэлт нь бүтээгдэхүүний онцлогоос хамааран хэрэглэгчдийн хувьд тийм ч ач холбогдолтой үзүүлэлт биш бөгөөд шийдвэр гаргалтад нөлөөгүй байж болох юм. 5. Хөгжлийн төлөвлөгөө ба маркетингийн бодлого Өнөөгийн нөхцөл байдал: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг удирдаж буй хүчин зүйлийг хэрхэн хадгалж үлдэх болон бусдаас ялгарах давуу тал болгон ашиглахад анхаарах. Богино хугацааны төлөвлөлт: Хэрэглэгч нарын хувьд маш чухал боловч сэтгэл ханамжтай байлгаж чадахгүй байгаа үзүүлэлт тус бүрийг хэрхэн сайжруулах талаар төлөвлөх. Дунд хугацааны төлөвлөлт: Хэрэглэгч нарын хувьд ач холбогдол бага боловч сэтгэл ханамжийг бий болгож байгаа үзүүлэлт бүрээ хэрхэн ач холбогдолтой болгох ба хэрэглэгчээ сургах тал дээр анхаарч ажиллах. Урт хугацааны төлөвлөлт: Төгсгөлд нь ач холбогдол, сэтгэл ханамжийн түвшинд хамгийн бага байгаа үзүүлэлтээ сайжруулахад анхаарна. Эцсийн дүнд аливаа байгууллагын хувьд хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний санал болгох үзүүлэлт тус бүрээ дээд хэмжээнд нь байлгах, хэрэглэгч нараа сэтгэл ханамжтай байлгах билээ. 6. Үр дүн : Үнэнч хэрэглэгчийг бий болгох Байгууллагын орлогын 80 хувийг нийт хэрэглэгчийн 20 хувь буюу үнэнч хэрэглэгч нар бий болгодог. Энэхүү 20 хувийг барьж үлдэх болон өсөн нэмэгдүүлэх гол арга нь бүтээгдэхүүн, үйлчилгээний өгч буй сэтгэл ханамжийн түвшнийг хэрэглэгчийн өгч буй ач холбогдлын түвшнээс ямагт дээгүүр байлгах юм. 7. Үр дүн : Шинэ хэрэглэгчийг татах Маркетингийн хүрээнд ам дамжсан маркетингийн арга нь чухал нөлөө үзүүлдэг. Энд танай байгууллагын бий болгож буй үнэнч 20 хувийн хэрэглэгч нар үлдсэн 80 хувийн шинэ хэрэглэгч нарыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Хэрэглэгч нар ач холбогдлыг давсан, байнга хэрэглэдэг, хүлээлтээс дээгүүр байж чаддаг бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдад муугаар ярина гэж үү?
2019.07.08 17:27
0
ЯМАР СУДАЛГААГ ЯМАР ДАВТАМЖТАЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ВЭ?
Бизнесийн байгууллагуудын хувьд нэг үеээ бодвол судалгааны ач холбогдлыг ойлгож, бизнесийн өсөлт хөгжил, ирээдүйн амжилт, ашиг орлогод чухал нөлөөтэйг мэддэг болсон. Гэсэн хэдий ч ямар судалгааг хэдийд, ямар давтамжтай хийх тал дээр төдийлөн сайн мэддэггүй. Энэ удаагийн нийтлэлээр бизнесийн байгууллагуудын түгээмэл хийгддэг судалгаануудыг ямар давтамжтай хийлгэвэл тохиромжтой талаар танилцуулая. ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖ, ӨРСӨЛДӨГЧИЙН СУДАЛГАА Зах зээлийн багтаамжийн судалгааны зорилго нь зах зээлийн хэмжээ, өсөлт бууралт, өөрийн компанийн болон өрсөлдөгчдийн зах зээлд эзлэх хувь, хүчин чадал, үнэ зэргийг тодорхойлоход орших бөгөөд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай харьцуулахад хаана явж байна вэ гэдгээ мэдэх чухал ач холбогдолтой байдаг. Зах зээлийн багтаамж, өрсөлдөгчийн судалгааг салбарын онцлог өрсөлдөөнөөс хамааран 6 сар тутамд аль эсвэл 1 жил тутамд 1 удаа хийлгэхэд тохиромжтой. ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА Бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хүлээлтэд нийцэж байгаа эсэх, хэрэглэгч танай бүтээгдэхүүн үйлчилгээний юунд илүү ач холбогдол өгч байгааг илрүүлэх, сэтгэл ханамжтай байгаа эсэх болон хэрэглэгчийн үнэнч байдлыг тодорхойлох зорилгоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг хийдэг. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тодорхойлсноор тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хүлээлтэд нийцэж байгаа эсэх мөн хэрэглэгч цаашид хэр үнэнч байхыг илрүүлдэг. Энэхүү судалгааг үндсэн үзүүлэлтээ тогтмол хянах зорилгоор улирал тутамд хийлгэвэл хамгийн тохиромжтой. ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВИЙН СУДАЛГАА Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж байгаа хэрэглэгчийн бүтэц (нас, хүйс, гэрлэлтийн байдал г.м), дадал зуршил (сонирхол), хандлага, худалдан авалтын онцлог, хэрэглэгчийн сонголтод нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой бөгөөд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд хэрхэн, ямар аргаар байршуулах, зорилтот сегментийг тодорхойлох, мэдээлэл хүргэх, хэрэглэгчид тохирсон шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, тухайн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зохиох зэрэгт чухал ач холбогдолтой судалгаа юм. Зан төлөвийн судалгааг бизнесийн онцлогоос хамааран хамгийн багадаа жилд 1 удаа хийх нь тохиромжтой байдаг. БРЭНД, ИМИДЖИЙН СУДАЛГАА Брэндийн зах зээлд болон хэрэглэгчид байршиж буй үнэ цэнэ, брэндийн танигдсан байдал, чанар зэргийг тодорхойлох зорилготой. Компани болон бүтээгдэхүүн үйлчилгээ нийт хүн амд болон зорилтот бүлэгтээ хүрч чадсан эсэхээ мэдэх бөгөөд Брэндийн танигдсан байдал, хэрхэн хүлээн авч байгаа; Брэндийг хэрэглэж буй хэрэглэгчийн шинж чанар, брэндийг зорилтот хэрэглэгч нь хэрэглэж байгаа эсэх; Брэндийн зах зээлд эзлэх байр, үнэнч хэрэглэгчийн шинж чанар; Компанийн имидж, нэр хүндийг тодорхойлох зэрэгт чухал ач холбогдолтой судалгаа юм. Брэндийн хоногшилт, нэр хүндээс хамааран 1-2 жил тутамд 1 удаа брэнд, имиджийн судалгааг хийлгэх хэрэгтэй. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУРШИЛТ СУДАЛГАА Энэхүү судалгаа нь зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүний амт, чанар, өнгө үзэмж нь хүмүүст хэр хүрч байгаа, ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай байгааг хэрэглэгчийн үнэлгээгээр гаргадаг судалгаа юм. Мөн шинээр нэвтрүүлэх үйлчилгээг зорилтот бүлгийн хэрэглэгчид хэрхэн хүлээж авахыг тодорхойлдог. Энд: Blind test, Сав баглаа боодлын туршилт судалгаа, Бүтээгдэхүүний концепт тест, Ижил төрлийн бүтээгдэхүүний харьцуулсан судалгаа зэрэг судалгаанууд хийгддэг. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нь аль бүлэгт тохирох эсвэл тухайн бүтээгдэхүүн үйлчилгээнд ямар өөрчлөлт оруулвал хэрэглэгчид сайнаар хүлээж авах зэрэг шийдвэр гаргах үндэс болдог бөгөөд зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, нэгэнт зах зээлд нэвтэрсэн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрчлөх үедээ тогтмол хийлгэж байх хэрэгтэй. НУУЦ ХУДАЛДАН АВАЛТЫН СУДАЛГАА (MYSTERY SHOPPING) Нууц худалдан авалтын судалгаа нь урьдаас бэлтгэгдсэн нууц хэрэглэгч үйлчилгээний салбараар үйлчлүүлж үйлчилгээний чанар болон орчны тохижилтыг стандартад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох, ямар түвшинд байгааг үнэлэх зорилгтой. Харилцагчийн үйлчилгээ бодит байдалд ямар байгааг хэрэглэгчийн нүдээр тандаж мэдэх бөгөөд Үйлчилгээний процессыг үнэлэх; Үйлчилгээний чанарт хяналт тавих, дутагдлыг илрүүлэн гаргах; Үнэлэх, сайжруулах арга хэмжээ авах зэрэг ач холбогдолтой. Бизнесийн онцлогоос хамаарч 6 сараас 1 жил тутамд 1 удаа хийлгэхэд тохиромжтой. Эцэст нь хэзээ ямар судалгаа хийлгэхээ мэдэхгүйгээс үүдэн үргүй зардал гаргах, зах зээл дээрх багтаамжаа алдах, өрсөлдөөний давуу талаа алдах зэрэг олон сөрөг талтай байдаг. Тиймээс хэрвээ та өөрийн байгууллагадаа дээр дурдсан судалгаануудаас хийлгэхээр төлөвлөсөн бол дараа дараагийн удаад ямар давтамжтай хийлгэх талаар бодож үзээрэй.
2019.07.02 17:42
0
ҮНЭНЧ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХОД ТУСЛАХ 4 СУДАЛГАА
Зах зээл, эдийн засгийг хөдөлгөгч хамгийн гол хүчин зүйл бол хэрэглэгч юм. Бизнес гэдэг нь хэрэглэгчдийг олж, тэднийгээ тогтоон барьж, тэдэнтэйгээ хамт өсөж өргөжсөнөөр амжилтад хүрдэг. Ерөнхийдөө бизнесийн амин сүнс нь үнэнч хэрэглэгчдийг бий болгох явдал гэж хэлж болно.  "Солонгосын эртний нэгэн үгэнд, бизнес хийнэ гэдэг мөнгө олохын нэр биш харин хүний сэтгэлийг татахын нэр юм. Тэгсэн цагт мөнгө өөрөө чам руу урсан ирэх болно гэж дурдсан байдаг."  Маркетерууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээр хэрэглэгчдийг хангах, анхаарал сонирхлыг нь татах, улмаар тэднийг идэвхжүүлэх замаар харилцаа тогтоодог. Бат бөх харилцааг бий болгох, тасралтгүй хамтын ажиллагааг дэмжихийн тулд хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгах нь бизнесийн байгууллагад чухал ач холбогдолтой юм. Учир нь сэтгэл ханамжтай байдал нь үнэнч хэрэглэгчийг бий болгох гол хэмжүүр бөгөөд худалдаж авсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчийн хүсэн хүлээсэн болон бодит шинж хоёрын хоорондын зөрүүгээр илэрнэ. Хэрэв бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хүссэнтэй нийцэх эсвэл түүнээс давсан бол сэтгэл ханамжтай байна. Харин сэтгэлд нь үл нийцсэн тохиолдолд ханамжгүй байдал бий болно. Сэтгэл ханамжтай хэрэглэгч нь маркетингийн зардлын тэн хагасыг хэмнэдэг бөгөөд үнэнч хэрэглэгчээ урамшуулж чадвал тэр танай байгууллагын өмнөөс сурталчилгаа хийж, таны өмнөөс борлуулалт хийхэд бэлэн байдаг байна. Тэгвэл үнэнч хэрэглэгчийг тодорхойлж тэдний хүслийг мэдэх, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахад туслах 4 судалгааны төрлөөс хүргэж байна. 1. Хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг үнэлэх Компаниуд өөрсдийгөө хэрэглэгчдэдээ хэр ханддаг талаар тодорхой хугацаанд тогтмол хэмжих, дүгнэлт хийх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг удирдаж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж, гарсан үр дүнгээс хамаарч тохирох үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний сайжруулалтыг хийх нь зүйтэй. Үүнээс та компанийн нэр хүнд, борлуулалтын процесс, үйлчилгээний чанар, орчин, бүтээгдэхүүний санал болгож буй үзүүлэлт нэг тус бүрийн дутагдаж байгаа болон сайн байгаа зүйлсийг тодорхойлох боломжтой юм. Өндөр сэтгэл ханамжтай хэрэглэгчид ихэвчлэн урт хугацаанд үнэнч хэвээр үлддэг бөгөөд компанийг шинэ эсвэл сайжруулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад худалдан авч, бусад хүмүүст эергээр ярьж, өрсөлдөгч компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд онц анхаарал тавихгүй, үнийн мэдрэмж багатай байдаг. 2. Өрсөлдөгчдийнхөө гүйцэтгэлд мониторинг хийх  Компани өөрсдийн хэрэглэгчдээ алдаж байгаа түвшиндээ мониторинг хийж худалдан авалт хийхээ больсон эсвэл өөр нийлүүлэгчийг сонгох болсон хэрэглэгчидтэйгээ холбоо тогтоож учир шалтгааныг нь мэдэх нь чухал. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, компанийн дотоод ажилчдын хандлага гэх мэт олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч хэрэглэгчдэдээ таагүй сэтгэгдэл төрүүлэх, тэднийг өрсөлдөгч компаниудад алдаж болно. Мөн өрсөлдөгч компани яаж танай үйлчлүүлэгчийг өөрийн болгосон талаар та сонирхохгүй байна гэж үү? Таагүй сэтгэгдэлтэй үлдсэн хэрэглэгч өөрөөсөө гадна дунджаар 11 хүнд компанийн тухай таагүй мэдээллийг түгээж байдаг ба энэ талаарх мэдээлэл асар хурдтай тархдаг байна. 3. Нууц худалдан авалтын судалгаа Нууц худалдан авалтын судалгаагаар та өөрийн болон өрсөлдөгчийн бүтээгдэхүүн үйлчилгээг 100% хэрэглэгчийн нүдээр харж, мэдрэх боломжийг олгох юм. Үүнээс өөрийн болон өрсөлдөгчийнхөө сул ба хүчтэй талуудыг үнэлүүлж, борлуулалтын аль шатанд алдаа дутагдал болон давуу талтай байгааг тодорхойлж, бий болсон сул болон дутагдалтай талуудад анхаарч, хэрэглэгчдээ гомдоохоос сэргийлэх олон талт үйл ажиллагааг цаг алдалгүй хүргэх боломжтой. 4. Зорилтот сегментээ тодорхойлох Нууц худалдан авалтын судалгаагаар та өөрийн болон өрсөлдөгчийн бүтээгдэхүүн үйлчилгээг 100% хэрэглэгчийн нүдээр харж, мэдрэх боломжийг олгох юм. Үүнээс өөрийн болон өрсөлдөгчийнхөө сул ба хүчтэй талуудыг үнэлүүлж, борлуулалтын аль шатанд алдаа дутагдал болон давуу талтай байгааг тодорхойлж, бий болсон сул болон дутагдалтай талуудад анхаарч, хэрэглэгчдээ гомдоохоос сэргийлэх олон талт үйл ажиллагааг цаг алдалгүй хүргэх боломжтой. Дээрх 4 судалгааны үр дүнд та дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж, салбартаа давуу байдлыг эзэмших боломжтой. Үүнд: Хүрээлэн буй орчинтой нийцэн тасралтгүй хувьсан өөрчлөгдөх Бизнесийн орчин нь тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байдаг ба үүний гол нөлөөлөгч болон үр дүн нь хэрэглэгч нар юм. Хэрэглэгчийг хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа, юу хүсэж мэдэрч байгаа, бүтээгдэхүүн үйлчилгээг ашигласнаар ямар туршлагыг олж авч байгаа талаар тодорхойлж, тэрэнд нь тааруулан компани хувьсан өөрчлөгдөх нь урт хугацааны тасралтгүй үйл ажиллагааны үндэс болно. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж болон компанийн ашигт ажиллагааны үзүүлэлтүүд хоорондоо нягт холбоотой байдаг. Чанарын өндөр түвшин нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгадаг ба сэтгэл ханамжийг бий болгож байдаг тулгуур хүчин зүйл юм.  Хэрэглэгчээ тогтоон барих, үнэнч хэрэглэгчийн бий болгох Мөн шинэ хэрэглэгчдийг татах нь хангалттай бус бөгөөд тэднийг тогтоон барих, одоо байгаа хэрэглэгчдээ илүү бат бөх холбоо харилцааг тогтоож, өөрийн бизнесээ өргөтгөх хэрэгтэй. Хэрэглэгчийг тогтоон барих арга ухаан, хэрэглэгчдийн хувьсан өөрчлөгдөх зан төлөвийг судалж тохирох бүтээгдэхүүн үйлчилгээ болон маркетингийн стратеги, тактикийг боловсруулах нь тухайн компанийн урт удаан хугацаанд оршин тогтнох үндэс суурь болох юм.  Үнэнч хэрэглэгчийг бий болгож, урамшуулах  Үнэнч хэрэглэгчийг урамшуулж чадвал тэр танай байгууллагын өмнөөс таны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бусад хүмүүст сайнаар хэлэх, сурталчлах үүргийг гүйцэтгэдэг ба тэд хэрэглэгч хэвээр байх болно. Одоогийн байгаа хэрэглэгчийг хадгалах зардал нь шинэ хэрэглэгчийг татахаас харьцангуй бага. Тэднийг урамшуулсан компанит ажил, үйл ажиллагаа нь шинэ хэрэглэгчдийг ч мөн адил татдаг. 
2019.04.01 17:05
0
АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЛХИЙН АВТОМАШИНЫ НИЙЛҮҮЛЭЛТ АВТОМАШИНЫ НАСЖИЛТ, сая.ш Дэлхий нийтээр 2016 онд автомашины нийлүүлэлтийн хэмжээ 88.1 сая төгрөг байсан ба өнгөрсөн жилээс 4.8%-р өссөн. Автомашины нийлүүлэлт 2010 оноос хойш тасралтгүй жигд хурдаар өсөж байгаа ба жилийн нийлмэл өсөлтийн хувь (CAGR) 4.23% байна. Нийт борлуулагдсан автомашины насжилтаар нь авч үзвэл 43.5 сая буюу 49.4 хувь нь 1-3 жил явсан машин байна. ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ХАМГИЙН ИХ БОРЛОГДДОГ ЗАГВАРУУД, сая.ш МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЛХИЙН АВТОМАШИНЫ НИЙЛҮҮЛЭЛТ АВТОМАШИНЫ НАСЖИЛТ, мян.ш 2012 -2016 оны хооронд нийт 214,553 ширхэг автомашин импортлон оруулж ирсэн ба мөнгөн дүнгээр 2 их наяд 983 тэрбум төгрөгийн үнэтэй, 800 орчим загварын тээврийн хэрэгслийг 59 өөр улсаас оруулж ирсэн байна. Нийт импортолсон автомашины 112.6 мянга буюу 52.5 хувь нь 7-10 жил явсан машин байна. МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ХАМГИЙН ИХ БОРЛОГДДОГ ЗАГВАРУУД, мян.ш Монгол улсруу хамгийн их импортлогддог топ 9 машиныг жагсааж үзвэл 8 нь Toyota брендийн машинууд байна. Нийт импортлогдсон машины 57.5 хувийг энэхүү 9 загвар эзэлж байгаа ба хамгийн их нь Toyota Prius загвар бөгөөд нийт импортын 36.3 хувийг эзэлж байна.
2017.09.15 16:30
0
УЛААНБААТАР ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Хог хаягдлын хэмжээ, менежементийн асуудал нь улс орны хөгжлийн түвшинтэй нягт холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод бүтээн байгуулалт эрчимжиж, хүн амын төвлөрөл бий болж байгаатай холбоотойгоор хог хаягдлын хэмжээ ихэссээр байна. Энэ нь эргээд халдварт өвчин тархах нөхцлийг бүрдүүлж, байгаль орчны бохирдол, доройтлыг нэмэгдүүлж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн иргэдийн амьдрах орчин болон эрүүл мэндэд сөрөг нөлөөлж байна. Нийт зайлуулсан ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал – 995.1 мянган тонн Зориулалтын бус газар, гудамж талбайн цэвэрлэсэн хог – 3.4 мянган тонн/38.1 га талбай Улаанбаатар хотын хог хаягдлын эх үүсвэр, мянган тонн Улаанбаатар хотын хог хаягдлын төрөл, хувиар Энд: Бусад төрлийн бүтээгдэхүүний хаягдалд лагийн төрлийн хаягдал, хаягдал дугуй, цахилгаан барааны хаягдал зэрэг бусад бүх хаягдал багтдаг. Ахуйн аюултай хог хаягдал Ахуйн аюултай хог хаягдал гэдэг нь айл өрхөд үүссэн, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж буй болон учруулах боломжтой хог хаягдлыг хэлдэг. Ахуйн аюултай хог хаягдалд дараах хог хаягдлыг хамруулна Хог хаягдлын задрах хугацаа Та өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс дараах зүйлсийг хориглоно уу: Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгалгүй хаях Ангилсан болон бусад хог хаягдлыг зориулалтын хадгалах саванд байх тохиолдолд шатаах, гал гаргах, ухаж тараах Ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх эрх бүхий байгууллагаас өөр этгээд цуглуулах, тээвэрлэх болон ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулах Хог хаягдлыг нийтийн эзэмшлийн гудамж,зам талбай, далан,шуудуунд ил задгай хаях
2017.09.10 17:13
0
CATI (COMPUTER ASSISTED TELEPHONE INTERVIEW)
CATI арга Программ хангамж тэр дундаа вэб хувьсгал нь зах зээлийн судалгааг үндсээр нь өөрчилж, судалгааны мэдээлэл цуглуулах аргачлалыг маш олон сонголттой болгосон. CATI нь англиар “Computer Assisted Telephone Interview” – ийн товчлол буюу монголоор “Утсаар мэдээлэл цуглуулах компьютерт суурилсан арга” юм. Энэ нь судлаач судалгаанд оролцогчоос утсаар компьютер эсвэл өөр төхөөрөмж дээрээс судалгааны асуултыг нэг бүрчлэн уншиж өгөн хариултыг зориулалтын программд тэмдэглэн мэдээлэл цуглуулдаг арга юм. CATI аргаар мэдээлэл цуглуулах үед судалгааны асуулга нь зөвхөн ярилцлагын удирдамж болоод зогсохгүй асуултуудын дараалал болон логик уялдаа, хариултын хувилбар, асуух хэлбэрийг автоматаар хөтлөн явуулдаг. Өөрөөр хэлбэл судлаач асуулт болон хариултуудыг өөрчлөх боломжгүй бөгөөд судлаачийн үүрэг нь оролцогч болон асуулгын хоорондын зуучлагч/дамжуулагч болж байдаг. Судлаач шаардлагатай тохиолдолд судалгаанд оролцогчид асуултыг тайлбарлах, тодруулга хийх зэргээр оролцдог. Энэ арга нь судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг удирдан явуулахад алдаагүй байх баталгааг өгдөг хэдий ч заавал судлаач оролцох шаардлагатай байдгаараа ижил төрлийн компьютерт суурилсан аргуудаас ялгардаг. Ингэж судлаач өөрөө судалгаанд оролцогчидтой амьд харилцааг үүсгэн түүнийгээ хадгалж чадсанаар оролцогчийг судалгаанд илүү идэвхитэй, хариуцлагатай оролцуулахад чухал ач холбогдолтой байдаг. CATI АЖИЛЛАХ ЗАРЧИМ Судлаач нарт интернет холболт болон утас эсвэл интернеттэй холбогдсон утсыг зориулалтын программын хамт өгнө. Судлаач оролцогчийн дугаарыг шууд оруулах эсвэл хялбараар дэлгэцэн дээр гарах дугаарыг дарж залган утсаар холбогдоно. Судлаач оролцогчоос ярилцлагыг авахдаа компьютерийн дэлгэцэн дээр өгөгдсөн зааврын дагуу ажиллана. Хариултууд нь шууд автоматаар компьютерийн мэдээллийн санд цаг тухайд нь хадгалагдана. Мэдээллээ алдах эсвэл хариултыг авч чадахгүй байх зэрэг эрсдэл гарахгүй. Программ автоматаар хариултуудын логик уялдааг шалгаж, хяналтын асуултыг тавих ба нэг л асуулт бүрэн зөв бүртгэгдээгүй бол ярилцлагын явцыг зогсооно. CATI ДАВУУ ТАЛ ӨНДӨР ЧАНАР - Судлаач судалгаанд оролцогчийн үл ойлгох байдлыг арилгаж, буруу, ойлгомжгүй хариултаас сэргийлэх боломжтой ба программын тусламжтайгаар хариулт алгасах, бөглөлтгүй үлдэх зэрэг алдаа гарахгүй учир мэдээллийн чанар сайжирна. ӨНДӨР ХЯНАЛТ - Ярилцлагын үйл явц, дутуу ярилцлага болон дутуу хариулт зэрэг олон үр дүнг хүссэн үедээ татан авч хянаж болно. CATI программ зарим статистик мэдээлэл болон урьдчилсан тайланг бүтнээр болон хэсэгчлэн автоматаар боловсруулдаг учир хяналт хийх, явцын мэдээлэл авахад чухал ач холбогдолтой байдаг. ХУГАЦАА ХЭМНЭЛТ - Ярилцлага авах хугацаа нь 2 шалтгаанаар нилээд богино болдог. Үүнд: Мэдээлэл оруулах үе шат нь судалгаанд оролцогчийн хариулттай зэрэгцэн явагддаг. Өөрөөр хэлбэл уламжлалт цаасан судалгаатай адил шивэлт хийх гэсэн тусгай шат байхгүй хариулт шууд шивэгдэн орно. Программ хангамж ашиглаж байгаа учир бөглөгдсөн асуулгыг дахин нягтлах шаардлагагүй болж, хяналтанд зарцуулах сул зогсолтын хугацааг багасгана. ХАРИЛЦААНЫ ОЙР БАЙДАЛ - Судлаач өөрөө судалгааг авч байгаа учир судалгаанд оролцогчтой илүү ойр холбоог үүсгэж чаддаг. Энэ нь хөндөхөд хэцүү, хүндрэлтэй сэдвээр судалгаа хийж байгаа тохиолдолд тайлбар хийх, тухайн хүнийг ойлгож харилцахад чухал ач холбогдолтой байдаг. БАГА ЗАРДАЛ - Уламжлалт цаасан судалгаатай харьцуухад үе шат цөөн, зохион байгуулалтын ажил бага тул зардал бага гардаг. Түүнчлэн CATI арга нь судлаачийн бүтээмжийг тооцоолсноор цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх боломжийг олгодог.
2017.09.08 16:46
0