SICA
CATI (COMPUTER ASSISTED TELEPHONE INTERVIEW)

CATI арга

Программ хангамж тэр дундаа вэб хувьсгал нь зах зээлийн судалгааг үндсээр нь өөрчилж, судалгааны мэдээлэл цуглуулах аргачлалыг маш олон сонголттой болгосон.

CATI нь англиар “Computer Assisted Telephone Interview” – ийн товчлол буюу монголоор “Утсаар мэдээлэл цуглуулах компьютерт суурилсан арга” юм.

Энэ нь судлаач судалгаанд оролцогчоос утсаар компьютер эсвэл өөр төхөөрөмж дээрээс судалгааны асуултыг нэг бүрчлэн уншиж өгөн хариултыг зориулалтын программд тэмдэглэн мэдээлэл цуглуулдаг арга юм.

CATI аргаар мэдээлэл цуглуулах үед судалгааны асуулга нь зөвхөн ярилцлагын удирдамж болоод зогсохгүй асуултуудын дараалал болон логик уялдаа, хариултын хувилбар, асуух хэлбэрийг автоматаар хөтлөн явуулдаг.

Өөрөөр хэлбэл судлаач асуулт болон хариултуудыг өөрчлөх боломжгүй бөгөөд судлаачийн үүрэг нь оролцогч болон асуулгын хоорондын зуучлагч/дамжуулагч болж байдаг. Судлаач шаардлагатай тохиолдолд судалгаанд оролцогчид асуултыг тайлбарлах, тодруулга хийх зэргээр оролцдог.

Энэ арга нь судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг удирдан явуулахад алдаагүй байх баталгааг өгдөг хэдий ч заавал судлаач оролцох шаардлагатай байдгаараа ижил төрлийн компьютерт суурилсан аргуудаас ялгардаг.

Ингэж судлаач өөрөө судалгаанд оролцогчидтой амьд харилцааг үүсгэн түүнийгээ хадгалж чадсанаар оролцогчийг судалгаанд илүү идэвхитэй, хариуцлагатай оролцуулахад чухал ач холбогдолтой байдаг.

CATI АЖИЛЛАХ ЗАРЧИМ

  1. Судлаач нарт интернет холболт болон утас эсвэл интернеттэй холбогдсон утсыг зориулалтын программын хамт өгнө.
  2. Судлаач оролцогчийн дугаарыг шууд оруулах эсвэл хялбараар дэлгэцэн дээр гарах дугаарыг дарж залган утсаар холбогдоно. Судлаач оролцогчоос ярилцлагыг авахдаа компьютерийн дэлгэцэн дээр өгөгдсөн зааврын дагуу ажиллана.
  3. Хариултууд нь шууд автоматаар компьютерийн мэдээллийн санд цаг тухайд нь хадгалагдана. Мэдээллээ алдах эсвэл хариултыг авч чадахгүй байх зэрэг эрсдэл гарахгүй.
  4. Программ автоматаар хариултуудын логик уялдааг шалгаж, хяналтын асуултыг тавих ба нэг л асуулт бүрэн зөв бүртгэгдээгүй бол ярилцлагын явцыг зогсооно.

CATI ДАВУУ ТАЛ

ӨНДӨР ЧАНАР - Судлаач судалгаанд оролцогчийн үл ойлгох байдлыг арилгаж, буруу, ойлгомжгүй хариултаас сэргийлэх боломжтой ба программын тусламжтайгаар хариулт алгасах, бөглөлтгүй үлдэх зэрэг алдаа гарахгүй учир мэдээллийн чанар сайжирна.

ӨНДӨР ХЯНАЛТ - Ярилцлагын үйл явц, дутуу ярилцлага болон дутуу хариулт зэрэг олон үр дүнг хүссэн үедээ татан авч хянаж болно. CATI программ зарим статистик мэдээлэл болон урьдчилсан тайланг бүтнээр болон хэсэгчлэн автоматаар боловсруулдаг учир хяналт хийх, явцын мэдээлэл авахад чухал ач холбогдолтой байдаг.

ХУГАЦАА ХЭМНЭЛТ - Ярилцлага авах хугацаа нь 2 шалтгаанаар нилээд богино болдог. Үүнд:

  1. Мэдээлэл оруулах үе шат нь судалгаанд оролцогчийн хариулттай зэрэгцэн явагддаг. Өөрөөр хэлбэл уламжлалт цаасан судалгаатай адил шивэлт хийх гэсэн тусгай шат байхгүй хариулт шууд шивэгдэн орно.
  2. Программ хангамж ашиглаж байгаа учир бөглөгдсөн асуулгыг дахин нягтлах шаардлагагүй болж, хяналтанд зарцуулах сул зогсолтын хугацааг багасгана.

ХАРИЛЦААНЫ ОЙР БАЙДАЛ - Судлаач өөрөө судалгааг авч байгаа учир судалгаанд оролцогчтой илүү ойр холбоог үүсгэж чаддаг. Энэ нь хөндөхөд хэцүү, хүндрэлтэй сэдвээр судалгаа хийж байгаа тохиолдолд тайлбар хийх, тухайн хүнийг ойлгож харилцахад чухал ач холбогдолтой байдаг.

БАГА ЗАРДАЛ - Уламжлалт цаасан судалгаатай харьцуухад үе шат цөөн, зохион байгуулалтын ажил бага тул зардал бага гардаг. Түүнчлэн CATI арга нь судлаачийн бүтээмжийг тооцоолсноор цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх боломжийг олгодог.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл