Зохиолч: Жорж С. Клэсон
Товч
Үндсэн 12 бүлэг, 197 хуудастай энэхүү ном нь хүмүүсийн бодит түүхийг хуваалцсан байдлаар, сургамжтай мөртлөө энгийнээр илэрхийлэгджээ. Анх 1926 онд Америкт хэвлэгдсэн даруйдаа бизнесмен, банкируудын дунд ихэд түгж, улмаар банк, даатгалын компаниудаар дамжин тараагдаж, нийтэд алдаршсан байна. Тус номыг орчин үед хэвлэгдсэн олон олон санхүүгийн номын эх сурвалж болсон гэж үздэг бөгөөд 100 жилийн турш үнэ цэнтэй, мэдээлэл нь хуучиршгүй хэвээр байгаа нь гайхалтай.
Тэмдэглэл
Энэхүү номын баатруудын нэг Аркад хэрхэн Вавилоны хамгийн баян хүн болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн өөрийн түүхээ найзууддаа хуваалцаж буйгаар номын гол бүлэгт хүүрнэдэг. Тэрээр энгийн нэгэн бичээч хийдэг байхдаа олж буй орлогоосоо тогтмол хадгалснаар, санхүүгийн эх үүсвэрээ бататгадаг талаар мэдэж авдаг. Өөрийн олсон 10 зоос тутмын нэгийн хадгалж, есийн зарцуулах арга ухаанд суралцсан нь санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гол нууц нь бөгөөд ийм энгийн ажээ. Та их, бага, ямар ч хэмжээний орлого олсон байж болно, гэр бүл, ирээдүйн амьдралынхаа төлөө орлого бүрийнхээ арван хувийг тогтмол хугацаанд хадгалж хэвших нь хамгийн чухал юм. Ингэхийн тулд та зарим тансаг хэрэглээний зардлаа танах ба бүх зардлаа жагсааж бичээд, тэвчиж чадах зардлуудаа дарж, зөвхөн хэрэгцээт зүйлээ л худалдан аваарай. Орлого өсөхийн хэрээр зардал ч дагаад нэмэгдэж байдаг тул та хүсэл шуналаа түр умартан, хадгалж хэвшсэнээр амжилтад хүрэх нь. Тогтмол, урт хугацаанд хадгалах нь сахилга баттай хүний л хийж чадах үйлдэл ажээ. Номын баатар маань хадгалаад зогсохгүй, оновчтой зүйлд хөрөнгө оруулж, тогтмол орж ирдэг мөнгөний урсгалыг бий болгож чадсан нь санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хамгийн эхний алхам нь болжээ.
Зөвхөн хадгалснаар баян болдоггүй ба их мөнгөтэй болсны дараа жинхэнэ хариуцлага ирдэг гэдгийг энэ номд өгүүлжээ. Дэврүүн хүсэл, шуналаа дагаж богино хугацаанд их өгөөж амлах зүйлд хөрөнгө оруулбал эрсдэлд өртөх нь дамжиггүй ажээ. Иймд тухайн хийж буй ажлаа мэддэг, туршлагатай, нэр хүндтэй нэгэнд хөрөнгө оруулж, тогтмол хугацаанд өгөөжөө авах нь илүү баталгаатай хөрөнгө оруулалт болох нь. Тогтмол хугацаанд хүртсэн өгөөжөө ч мөн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд дахин оруулахаа битгий мартаарай гэдгийг тод томруунаар, сургамжтайгаар илэрхийлжээ. Зөв, хариуцлагатай, тасралтгүй хөрөнгө оруулалтын өгөөж нь баян болох нэгэн түлхүүр нь болжээ. Түүнчлэн орон гэртээ хөрөнгө оруулахыг хэзээ ч умартаж болдоггүй байна. Орон гэртээ хөрөнгө оруулснаар оюуны мэлмий нээгдэж, дараа дараагийн шидэт боломжууд, орлогын эх үүсвэрүүд өөрөө нээгдэж байдаг учиртай гэнэ.
Өөрийн хийдэг ажлаа чин сэтгэлээсээ хамгийн сайнаар гүйцэтгэж, төгөлдөржүүлж чадваас олох орлого нь дагаад нэмэгддэг ба яагаад хүмүүс ялгаатай цалин авдаг нь ердөө л ажлын үр дүнтэй холбогддог байна. Хийдэг ажлынхаа талаар илүү ихийг сурч мэдэхийг эрмэлзэн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр махран зүтгэн, хамгийн сайнаар хийж гүйцэтгэвээс энэхүү ур чадварыг тань дагаад шан харамж харамгүй нэмэгдэж, ирээдүйн орлогын тань үүд хаалга илүү тод гэрэлтэх нь. Номын баатар маань өөрийн уйгагүй зүтгэлээр ур чадвараа нэмэгдүүлснээр нэг өдөрт түүнээс олон шавар самбар сийлэх ур чадвартай хүнгүй болсон төдийгүй санхүүгийн эрх чөлөөнд хүрч, ирээдүйн орлого нь өөрөө ирсэн нууц нь энд оршино.
Үнэнч зан, зөв харилцааг ч тус номд чухалчлан авч үзсэн нь сайшаалтай. Тодорхойгүй байдал үүсгэж, өнөө маргаашаа аргацаах нь хэзээ ч тайван байдалд хүргэдэггүй, байнга гэм хийсэн мэдрэмжийг дагуулж, тухгүй орон зайг үүсгэдэг байна. Их хэмжээний санхүүгийн дарамт, бүтэлгүйтлээс зөвхөн үнэнч зан, зөв харилцаа, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хэрхэн гарч, амжилтад хүрч буйг бүлэг бүрд олонтоо илэрхийлжээ. Хэрэв та өөрийгөө хүндэлдэг бол зээлсэн мөнгөө бушуу түргэн, чадлынхаа хэрээр буцааж төлөгтүн, хэрэв төлж чадахгүй бол хэзээ ч битгий зээл гэдгийг ч дурдаад амжжээ. Алгуурлан суух зан хүн бүрийн дотор байдаг. Бид бүгдээрээ баян болохыг хүсдэг ч боломж бидний өмнө гарч ирэх үед алгуур зандаа хөтлөгдөн, тоолгүй өнгөрөөх нь хэдэнтээ билээ. Хийе гэснээ хийдэг хүмүүст аз юу юунаас илүү дуртай төдийгүй тэднийг л азын бурхан ивээдэг ажээ.
Энэхүү номын онцлог нь тухайн он цагийг өгүүлсэн жишээ болгоны баатрууд нь үргэлж дардан замаар явсангүй. Зарим нь байсан бүх хөрөнгөө алдсан талаар өгүүлдэг бол зарим нь бүр боол болтлоо туйлдаж явсан ч эцэст нь тэрхүү хямралыг дээрх хэсгүүдэд дурдсанчлан чин шударга хөдөлмөр, эерэг хандлага, тууштай байдлын ачаар даван туулж, гайхшируулам үр дүнд хүрэхийн сацуу бусдад тэрхүү арга барилаа ч зааж сургаж үлдээжээ. Өөрсдийн амьдралын туршлага, амжилтад хүрсэн арга барилаа найзууддаа харамгүй хуваалцаж байгаа нь энэхүү номын бас нэгэн сургамж гэлтэй. Өнөө үед ч олон мянган хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж сайн сайхан зүгт чиглүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэхүү номыг Эс Ай Си Эй ХХК–ийн номын клуб 2023 оны 05 сард сонгон уншив.
Тэмдэглэл хөтөлсөн: Т.Пүрэвхүү, Б.Амарбаясгалан
Хэлэлцсэн огноо: 2023 оны 06 сарын 05