Мэдээ
Мэдээ
“Шинэ үеийнхний улс төр, сонгуулийн идэвх, оролцоо”
Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК өмнө нь “Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох нь” судалгааг хийж үр дүнг нээлттэйгээр та бүхэнд танилцуулсан билээ. Тус судалгаагаар 1995 оноос хойш төрсөн залуусыг “шинэ үеийнхэн” гэж тодорхойлсон. Уг судалгааны үргэлжлэл болгон “Шинэ үеийнхний улс төр, сонгуулийн идэвх, оролцоо” хэмээх судалгааг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн 1,000 шинэ үеийн төлөөллийг хамруулсан бөгөөд шинэ үеийнхний улс төр, сонгуулийн оролцоо, улс төрийн сэтгэл ханамж, үнэт зүйлс, итгэлцэл, мэдлэг зэрэг өмнө нь манайд хийгдэж байгаагүй олон шинэ судалгааны сэдвүүдийг хөндсөн болно. Судалгааны үр дүнд шинэ үеийн сонгогчдыг 2020 онд ямар үзэл, хандлагын үүднээс хэрхэн оролцох гэж байгааг тандан кластерийн шинжилгээ хийж нийт есөн бүлэгт ангилан авч үзлээ. Улмаар тэрхүү бүлэг тус бүрийн төр засгийн болон сонгуулийн талаарх санаа бодол, улс төрийн оролцооны төлөв байдлын онцлогуудыг гарган тавихаар оролдсон болно. Судалгааны дэлгэрэнгүй үр дүнтэй танилцахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
2020.05.18 19:57
0
ESURVEY.MN онлайн судалгааны платформ нээлтээ хийлээ
Судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA компани нь хэрэглэгчдэдээ зориулж Esurvey онлайн судалгааны платформыг хөгжүүлэн туршилтын beta хувилбараа гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Бид энэ хугацаанд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэлт шинэчлэлийг хийн албан ёсоор олон нийтэд хүргэхэд бэлэн боллоо. Та бүхэндээ Монголдоо анхны CAWI мэдээлэл цуглуулалтын ESURVEY платформыг танилцуулж байна www.esurvey.mn. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
2020.05.12 19:55
0
Өмнөговь аймгийн ЗДТГ–ын “Хэрэглэгчийн үнэлгээ-2019” хийж гүйцэтгэлээ
Өмнөговь аймгийн ЗДТГ –ын “Хэрэглэгчийн үнэлгээ” зөвлөх үйлчилгээний хүрээнд Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн хэрэгжилтийг  судалж, цаашид хэрэгжүүлэх, сайжруулах шаардлагатай үйл ажиллагааны талаар санал, зөвлөмж гаргалаа. Уг судалгааны мэдээлэл цуглуулалтыг манай байгууллага нь Өмнөговь аймгийн “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын сүлжээ” ТББ –тай хамтран 2019 оны 12 дугаар сарын 14-с 30-ны өдрүүдэд, нийт 15 сумын 2138 иргэнийг хамруулан зохион байгуулав.  Энэ удаагийн төсөлд орон нутгийн иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажилласан нь нэг талаас иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах, нөгөө талаас  хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдсэн нь сайшаалтай байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэхүү үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэх боломж олгосон Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
2020.05.08 14:05
0
Сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагаа, сургалтын чанар хүртээмж, үнэ төлбөрийн нөхцөл байдлыг тодорхойлох” судалгаа
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын захиалгаар “Сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагаа, сургалтын чанар хүртээмж, үнэ төлбөрийн нөхцөл байдлыг тодорхойлох” судалгааны ажлыг 2019 оны 10 сарын 04–с 11 сарын 15–ны хооронд гүйцэтгэлээ. Уг зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд хичээлээс гадуурх сонгон, секц дугуйлангийн үйл ажиллагааны цар хүрээг тогтоох, хүүхдэд чиглэсэн сургалт, хөгжүүлэх ажлын нэр төрлийг нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгах зөвлөмжийг боловсруулсан юм. Мөн дэлхийд сайн боловсролын чанар, хүртээмжийг үнэлдэг нөлөө бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлд үндэслэн сурагчдад сайн боловсрол олгож буй улс орнуудын сургуулиас гадуурх үйл үйл ажиллагааны нэр төрөл, үнэ төлбөр, чанар хүртээмж, зарцуулж буй хугацаа, энэ талаар төрөөс баримталж буй бодлого, зарцуулж буй хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулсан шинжилгээ хийлээ. Тухайлбал, Олон Улсад сургуулиуд сурагчдын сонирхол, хэрэгцээнд тулгуурлан тусгай сургалтын программыг зохиодог учир боловсрол эзэмшихийн зэрэгцээ тухайн хүний хувь хүний хөгжил, бүтээлч байдлыг хөгжүүлэх боломжийг давхар олгодог байна. Түүнчлэн шалгалтын үр дүнд анхаарал хандуулахаас илүүтэйгээр хичээлийг хэрхэн үр дүнтэй заах, сурагчид юуг өөрчилбөл цаашдаа илүү сайн сурах хандлагатай байна вэ, сурах явцыг сурагчдад сонирхолтой болгох тал дээр голчлон анхаарлаа хандуулдаг ажээ.
2020.05.06 14:11
0
Хиймэл оюун ухаан & өгөгдлийн шинжлэх ухааны онлайн хурлыг ивээн тэтгэлээ
Хиймэл оюун ухаан & өгөгдлийн шинжлэх ухааны талаар онлайн хурал зохион байгуулагдлаа. Эс Ай Си Эй ХХК нь ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон ба "DATA LITERACY нь өрсөлдөх давуу тал үүсгэх суурь болох нь" сэдвээр Гүйцэтгэх Захирал Ж. Эрдэнэбилэг илтгэл тавилаа.
2020.04.18 19:50
0
Бүтээмжтэй Монгол хүн 2020
Монгол Улс нь долоо хоногт нэг хүний ажилладаг дундаж цагийн хувьд 2017 оны байдлаар   48   цаг   буюу   Непал   улсын   хамтаар   Ази   тивдээ   хоёрт орж   байгаа   юм https://www.statista.com/statistics/666946/asia-pacific-aVerage-working-hours-by-country/. Харин бүтээмжтэй  байдлын  хувьд манай оронд  үйл ажиллагаа явуулж буй байгууллага тус бүрд судалсан тооцоо бүртгэл тун ховор. Түүнчлэн манай орны иргэдийг бүтээмж өндөртэй болгоход нөлөөлдөг байгууллагын болон хувь хүний хүчин зүйлс одоо болтол хангалттай судлагдаагүй байгаа  юм.  Эдгээр  нөхцөл  байдлуудаас  үүдэн  бид  олон  цагаар  ажилладаг  боловч  хэр  үр бүтээмжтэй  байдаг  талаар  эргэлзээ  үүссэн  бөгөөд  ялгаатай  хувь  хүний  шинж  бүхий  хүмүүс өөрийн болон улс орны хэмжээнд бүтээмжтэй байдал ба түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг алхам алхмаар судлах хэрэгцээ бий хэмээн ажиглагдсан. Иймд “Бүтээмжтэй Монгол Хүн 2020” судалгааг байгууллагын сэтгэл зүйн үйлчилгээний “Райт Майнд Солюшнс” ХХК нь судалгаа, шинжилгээ,  зөвлөх  үйлчилгээний  “Эс  Ай  Си  Эй”  ХХК-н  тусламжтайгаар  хамтран  хийж гүйцэтгэсэн болно. Энэхүү судалгаа нь ялгаатай албан тушаал ба насны ангилал бүхий ажилчдын өөрийн болон бусдын бүтээмжтэй байдалд хандах өнөөгийн хандлага, түүнд нөлөөлж буй сэтгэл зүйн болон бусад хувь хүний хүчин зүйлсийг илрүүлэх зорилготой юм. Та судалгааны олон сонирхолтой үр дүнгүүдтэй www.datamon.mn платформоос үнэ төлбөргүй татаж авч танилцана уу. Судалгааны үр дүнтэй танилцсанаар бүтээмжтэй байдалд эерэг ба сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг мэдэх боломжтой. Ялангуяа хүний нөөцийн мэргэжилтнүүд та бүхнийг уншиж танилцахыг уриалж байна.
2020.04.15 19:46
0
“Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” –ийн үнэлгээ
Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК нь “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн дунд хугацааны үнэлгээг хийж гүйцэтгэлээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг төлөвшүүлж, цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, тэмцэл зохиох, боломжийг бүрдүүлэхэд орших бөгөөд 2017-2021 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжих юм. Дунд шатны үйлчилгээний ажлын хүрээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажилладаг төрийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлж, цаашид шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг боловсрууллаа.  Хамтран ажилласан бүх оролцогч талуудын төлөөллүүддээ талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
2020.04.06 14:08
0
ЗГХЭГ-ын Иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа
Засгийн Газрын Хэрэг эрхлэх Газрын захиалгаар “Баруун бүсийн аймгуудын иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээний  ажлыг  2019 оны 10 сарын 25–аас 11 сарын 25–ны хооронд амжилттай зохион байгууллаа. Судалгааны зорилго нь төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршсон. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг Үндэсний хэмжээнд хөндлөнгийн судалгааны 4  байгууллага хийж гүйцэтгэснээрээ онцлогтой бөгөөд үр дүн нь нэгтгэгдэж боловсруулагдсан болно. Улсын хэмжээнд 13,860 иргэдээс мэдээлэл цуглуулахаас манай компани баруун 5 аймаг буюу Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймгуудын 82 сумын, 2900 иргэдийг судалгаанд хамруулсан юм.
2020.03.25 13:52
0
“Архангай аймгийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр–2” төслийн хаалтын үнэлгээ
Манай байгууллага Дэлхийн зөн Монгол ОУБ–ын захиалгаар “Архангай аймгийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр–2”-ын хаалтын үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Хүүхэд хамгаалал, тэдний сайн сайхны төлөө Дэлхийн зөн Монгол ОУБ нь манай улсын өнцөг булан бүрд өнгөрсөн 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаад туйлын талархууштай юм.  Энэ удаагийн төсөл нь “Архангай ОНХХ–2”-ын 13 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн сайн сайхан байдлыг сайжруулах үүднээс хийгдсэн  ажлуудын үр дүнд орон нутагт гарсан төлөвлөсөн болон төлөвлөөгүй урт хугацааны өөрчлөлтүүдийг хэмжих, тэдгээрийг илрүүлэх зорилготой байсан юм.  Энэхүү хөтөлбөрийн хаалтын үнэлгээ нь зорилтот сум болох Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумын 2 багийн хүрээнд хийгдэж, үр дүнг тайлагналаа. Тус хаалтын үнэлгээний ажил нь аргазүйн хувьд чанарын судалгаанд суурилж, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс шууд болон шууд бусаар үр шим хүртэгчид судалгаанд хамрагдсан нь онцлогтой байлаа. Төслийн хаалтын үнэлгээний ажлыг гүйцэтгэхэд хамтран ажилласан ДЗМОУБ-ын хамт олон болон судалгаанд үнэн зөв мэдээлэл өгсөн төслийн шууд болон шууд бус үр шим хүртэгчдэд талархал илэрхийлье.
2020.03.15 14:06
0