Манай компани нь Монгол Улсын Жендерийн Үндэсний Хороо, Дэлхийн банкны захиалгаар Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах судалгааг амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2018 оны байдлаар 9.7 жил болсон нь зөрүү хамгийн өндөр улс орнуудаас арванхоёрдугаарт, Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт жагсаж байгаа нь бодлогын түвшинд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай, ноцтой хэмжээнд хүрснийг харуулж байна.
Эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 1.5 дахин их байгаа ба нас барсан 10 хүн тутмын 6 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байна. Үүнээс хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 3.3 дахин их байна.
Баримт бичгийн судалгаанаас авч үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү ихэсч, эрчүүд богино насалж байгаагийн хамгийн том шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар зэрэг халдварт бус өвчлөл байна. Дараагийн гол шалтгаан нь осол, гэмтэл, амиа хорлолт зэрэг гэнэтийн хүчин зүйлс байна. Хэдийгээр эрэгтэй хүмүүс богино насалж байгаа нь халдварт бус өвчлөлөөс хамгийн их шалтгаалж байгаа боловч насны бүлгээс хамааран ялгаатай байна. Тухайлбал 15-29 насны эрэгтэй хүмүүсийн нас баралтад амиа хорлолт, мотоциклтой осол давамгайлж байгаа бол 30-44 насанд спиртийн хордлого болон амиа хорлолт их байна. Харин 45-сс дээш насанд өвчлөлийн шалтгаант нас баралт хамгийн байна.
Түүнчлэн, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж буй байдал хүйсийн хувьд ялгаатай байна. Эрэгтэйчүүдийн эмнэлгийн үзлэгт хамрагдалт бага, ялангуяа 25-34 насны эрэгтэйчүүдийн эмнэлгийн үзлэгт хамрагдалт хамгийн бага байна. Эрэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж буй хамгийн гол шалтгаан нь гэмтэл, хордлого ба гаднын шалтгаант бусад эмгэг байгаагаас харахад эрэгтэй хүмүүс эмнэлгийн тусламж хэрэг болсон зайлшгүй тохиолдолд л эмнэлэгт очдог хандлага түгээмэл байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас эрэгтэй хүмүүст зориулсан эмнэлгийн хүртээмж, үйлчилгээ Монгол Улсын хэмжээнд хангалтгүй байна.
Баримт бичгийн судалгааны хүрээнд дундаж наслалтыг төрийн бодлого, хөтөлбөрүүдэд хэрхэн авч үзсэн байдлыг судалсан бөгөөд Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нэмэгдсээр байгаад өдийг хүртэл анхаарал хандуулаагүй байна.
Дундаж наслалтын зөрүү нэмэгдэж байгаа нь өвчлөл, осол гэмтэл зэрэг хүчин зүйлсээс хамгийн их шалтгаалж байгаа хэдий ч эдгээрийн үүсгэж буй суурь шалтгааныг баримт бичгийн судалгаагаар тодорхойлох боломжгүй байв. Тиймээс энэхүү судалгааны үр дүнд цаашид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нэмэгдсээр байгаа суурь шалтгааныг тодорхойлохын тулд халдварт бус өвчний эрсдэлд нөлөөлж буй амьдралын хэв маягийн хүйсийн ялгаатай байдал, эрүүл амьдрах мэдлэг, хандлага, дадлыг судлах шаардлагатай гэсэн зөвлөмж гаргалаа.