Бид “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан үүсгэх” зөвлөх үйлчилгээг 2013, 2014, 2017 онуудад гүйцэтгэж байсан туршлагатай ба энэ удаа 4 дэх удаагаа гүйцэтгэсэн нь нэр төрийн хэрэг хэмээн талархаж байна.
Тус судалгааны түүврийн хүрээ нь 2015/2016 оны хичээлийн жилд төгсөгчид байсан бөгөөд арга зүйн дагуу тус төгсөгчдийг 4 (2017, 2018, 2019, 2020) жил дараалан мөшгөж судалгааг авдгаараа онцлогтой юм. Иймд энэ жил 4 дэх буюу сүүлийн жилийн мөшгөлтийн судалгааг манай компанийн Х.Долгормаа захиралтай мэдээлэл цуглуулалтын баг амжилттай гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөөд байна.
Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн мэргэжил, ур чадварын хөгжил болон хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг судалж, дүн шинжилгээ хийх замаар боловсрол болон хөдөлмөрийн зах зээл хоорондын зүй тогтолт холбоог харуулсан мэдээллийг бий болгоход шаардлагатай төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны мэдээлэл цуглуулах, мэдээллийг зориулалтын программд шивж оруулах ажлуудыг захиалагчийн мэргэжил, арга зүйн удирдлага, хяналт дор 100 хувь гүйцэтгэлээ.
Дээр дурдсанчлан судалгааны үндсэн нэгж нь их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгсөгч Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа 2015/2016 онд төгсөгчид байсан.
Судалгааны үр дүнгийн нарийвчилсан дүн шинжилгээ, тайланг захиалагч Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс боловсруулан олон нийтэд нээлттэй хүргэдэг бөгөөд тайлан бэлэн болох тухайн үед бид мэдээллийг та бүхэнтэй хуваалцах болно.
Бидэнд үнэт цагаа гарган судалгаанд хамрагдсан нийт төгсөгчдөдөө талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.