ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, чанарын судалгаа, ажиглалт судалгаа, баримт бичиг, статистик тоон мэдээллийн шинжилгээ, хоёрдогч судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n= 2625
ХУГАЦАА: 2022.11.02 – 2022.12.22
ЗОРИЛГО: Түүврээр сонгогдсон сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийн 4А болох “Хүрэлцээтэй байх, Хүртээмжтэй байх, Хүлээн зөвшөөрөгдсөн байх, Нийцэн зохицох” гэсэн хэмжүүрээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулахад оршино.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгаа нь боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлыг судалсан анхны судалгаа гэдгээрээ онцлог бөгөөд дараах үр дүнгүүд гарсан. Үүнд:
- СӨББ, ЕБС, МБСБ-ын гадаад, дотоод орчин, үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагуудын хэрэгжилт нь сургалтын байгууллагын байршил, өмчийн хэлбэрээр ялгаатай байна.
- Сургалтын нөөц, хэрэглэгдэхүүний хангамж төрийн өмчит сургалтын байгууллагуудад илүү дутагдалтай бөгөөд багш, ажилтнууд хувийн зардал, суралцагчийн ар гэрийн хандив, тусламжаар асуудлыг шийдвэрлэх явдал нийтлэг байна.
- МБСБ болон төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүртээмж хангалтгүй байна. ЕБС-ийн суралцагчдын 50 орчим хувь нь, МБСБ-ын 20 орчим хувь нь өөрсдийн сонирхсон чиглэлээр сайн дурын клуб, сонгон, секц дугуйланд хамрагдан хичээллэж байна.
- Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамрагдалт бага байна.
- Нийгмийн амьдралд оролцох, өөрийн сурч, хөгжих үйл явц, сургууль, сургалтын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлаар санал, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь хүүхэд бүрийн хувьд адил тэгш хангагдахгүй байна.
- Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх чиглэлээр сургалтын байгууллагууд тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа ч үр дүн нь харилцан адилгүй байгаа тул нэгдсэн удирдамж арга зүй, заавар, зөвлөмжөөр ханган ажиллах хэрэгцээ шаардлага байна.
- Сургууль, цэцэрлэгийн орчинд ялгаварлан гадуурхалт, дарамт, дээрэлхэлт, хорт зуршил, донтох эмгэг зэрэг хүүхэд хамгааллын тулгамдсан асуудал их байна. СӨББ-д хүүхдийн эцэг эх, ар гэрийн байдлаар нь ялгаварлах хандлага болон хүүхдүүдийн дэлгэцийн хамаарлын асуудал, ЕБС-д үе тэнгийн дээрэлхэлт, хорт зуршлын хэрэглээ, сургууль завсардалт, МБСБ-ын хувьд гэмт хэрэг, зөрчил, хорт зуршил, хүүхдийн хөдөлмөр зэрэг асуудал түгээмэл байна.