Монгол Улс нь долоо хоногт нэг хүний ажилладаг дундаж цагийн хувьд 2017 оны байдлаар 48 цаг буюу Непал улсын хамтаар Ази тивдээ хоёрт орж байгаа юм https://www.statista.com/statistics/666946/asia-pacific-aVerage-working-hours-by-country/. Харин бүтээмжтэй байдлын хувьд манай оронд үйл ажиллагаа явуулж буй байгууллага тус бүрд судалсан тооцоо бүртгэл тун ховор. Түүнчлэн манай орны иргэдийг бүтээмж өндөртэй болгоход нөлөөлдөг байгууллагын болон хувь хүний хүчин зүйлс одоо болтол хангалттай судлагдаагүй байгаа юм. Эдгээр нөхцөл байдлуудаас үүдэн бид олон цагаар ажилладаг боловч хэр үр бүтээмжтэй байдаг талаар эргэлзээ үүссэн бөгөөд ялгаатай хувь хүний шинж бүхий хүмүүс өөрийн болон улс орны хэмжээнд бүтээмжтэй байдал ба түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг алхам алхмаар судлах хэрэгцээ бий хэмээн ажиглагдсан. Иймд “Бүтээмжтэй Монгол Хүн 2020” судалгааг байгууллагын сэтгэл зүйн үйлчилгээний “Райт Майнд Солюшнс” ХХК нь судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК-н тусламжтайгаар хамтран хийж гүйцэтгэсэн болно.
Энэхүү судалгаа нь ялгаатай албан тушаал ба насны ангилал бүхий ажилчдын өөрийн болон бусдын бүтээмжтэй байдалд хандах өнөөгийн хандлага, түүнд нөлөөлж буй сэтгэл зүйн болон бусад хувь хүний хүчин зүйлсийг илрүүлэх зорилготой юм.
Та судалгааны олон сонирхолтой үр дүнгүүдтэй www.datamon.mn платформоос үнэ төлбөргүй татаж авч танилцана уу.
Судалгааны үр дүнтэй танилцсанаар бүтээмжтэй байдалд эерэг ба сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг мэдэх боломжтой. Ялангуяа хүний нөөцийн мэргэжилтнүүд та бүхнийг уншиж танилцахыг уриалж байна.