Мэдээ
Мэдээ
“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” сэдэвт баримт бичгийн судалгаа
Манай компани нь Монгол Улсын Жендерийн Үндэсний Хороо, Дэлхийн банкны захиалгаар Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах судалгааг амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2018 оны байдлаар 9.7 жил болсон нь зөрүү хамгийн өндөр улс орнуудаас арванхоёрдугаарт, Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт жагсаж байгаа нь бодлогын түвшинд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай, ноцтой хэмжээнд хүрснийг харуулж байна. Эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 1.5 дахин их байгаа ба нас барсан 10 хүн тутмын 6 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байна. Үүнээс хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 3.3 дахин их байна. Баримт бичгийн судалгаанаас авч үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү ихэсч, эрчүүд богино насалж байгаагийн хамгийн том шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар зэрэг халдварт бус өвчлөл байна. Дараагийн гол шалтгаан нь осол, гэмтэл, амиа хорлолт зэрэг гэнэтийн хүчин зүйлс байна. Хэдийгээр эрэгтэй хүмүүс богино насалж байгаа нь халдварт бус өвчлөлөөс хамгийн их шалтгаалж байгаа боловч насны бүлгээс хамааран ялгаатай байна. Тухайлбал 15-29 насны эрэгтэй хүмүүсийн нас баралтад амиа хорлолт, мотоциклтой осол давамгайлж байгаа бол 30-44 насанд спиртийн хордлого болон амиа хорлолт их байна. Харин 45-сс дээш насанд өвчлөлийн шалтгаант нас баралт хамгийн байна. Түүнчлэн, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж буй байдал хүйсийн хувьд ялгаатай байна. Эрэгтэйчүүдийн эмнэлгийн үзлэгт хамрагдалт бага, ялангуяа 25-34 насны эрэгтэйчүүдийн эмнэлгийн үзлэгт хамрагдалт хамгийн бага байна. Эрэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж буй хамгийн гол шалтгаан нь гэмтэл, хордлого ба гаднын шалтгаант бусад эмгэг байгаагаас харахад эрэгтэй хүмүүс эмнэлгийн тусламж хэрэг болсон зайлшгүй тохиолдолд л эмнэлэгт очдог хандлага түгээмэл байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас эрэгтэй хүмүүст зориулсан эмнэлгийн хүртээмж, үйлчилгээ Монгол Улсын хэмжээнд хангалтгүй байна. Баримт бичгийн судалгааны хүрээнд дундаж наслалтыг төрийн бодлого, хөтөлбөрүүдэд хэрхэн авч үзсэн байдлыг судалсан бөгөөд Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нэмэгдсээр байгаад өдийг хүртэл анхаарал хандуулаагүй байна.  Дундаж наслалтын зөрүү нэмэгдэж байгаа нь өвчлөл, осол гэмтэл зэрэг хүчин зүйлсээс хамгийн их шалтгаалж байгаа хэдий ч эдгээрийн үүсгэж буй суурь шалтгааныг баримт бичгийн судалгаагаар тодорхойлох боломжгүй байв. Тиймээс энэхүү судалгааны үр дүнд цаашид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нэмэгдсээр байгаа суурь шалтгааныг тодорхойлохын тулд халдварт бус өвчний эрсдэлд нөлөөлж буй амьдралын хэв маягийн хүйсийн ялгаатай байдал, эрүүл амьдрах мэдлэг, хандлага, дадлыг судлах шаардлагатай гэсэн зөвлөмж гаргалаа.
2020.05.31 13:50
0
Бүтээгдэхүүнээ оюуны өмчөөр баталгаажууллаа
Өөрсдийн туурвисан бүтээлүүдээ Монгол Улсын Оюуны Өмчийн газрын зохиогчийн эрхийн гэрчилгээгээр албан ёсоор баталгаажууллаа. E SURVEY онлайн судалгааны платформ, DATAMON судалгаан нэгдсэн платформ, Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа, Бүтээмжтэй монгол хүн судалгаа, Шинэ үеийнхний улс төр, сонгуулийн идэвх, оролцоо судалгаа. Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаанд хамтран ажилласан эдийн засагч Ө.Ганзориг,  Бүтээмжтэй монгол хүн судалгаанд хамтран ажилласан Райт Майнд Солюшнс ХХК–ийн хамт олонд талархлаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
2020.05.29 19:58
0
SICA компанийн ажилтнууд томуугийн эсрэг вакцинд хамрагдлаа
2020–2021 оны улирлын ханиад томуугаас урьдчилан сэргийлж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөмж болгодог Солонгосын Green Cross үйлдвэрийн GC FLU ханиад томууны вакцинд нийт ажилтнуудаа хамрууллаа. Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалах бөгөөд томуугаар өвчилсний дараа хүндрэх, бусдад халдаах эрсдэлийг бууруулахад хамгийн үр дүнтэй арга болдог байна. Томуу бол вирусээр үүсгэдэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Ханиад томуугийн шинж тэмдгүүд ихэвчлэн 3–5 өдөр үргэлжилнэ. Ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг төдийгүй, дэлхий дээр жил бүр олон хүн ханиад томуугийн улмаас нас бардаг байна. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцинжуулалт юм.
2020.05.26 13:43
0
“Шинэ үеийнхний улс төр, сонгуулийн идэвх, оролцоо”
Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК өмнө нь “Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох нь” судалгааг хийж үр дүнг нээлттэйгээр та бүхэнд танилцуулсан билээ. Тус судалгаагаар 1995 оноос хойш төрсөн залуусыг “шинэ үеийнхэн” гэж тодорхойлсон. Уг судалгааны үргэлжлэл болгон “Шинэ үеийнхний улс төр, сонгуулийн идэвх, оролцоо” хэмээх судалгааг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн 1,000 шинэ үеийн төлөөллийг хамруулсан бөгөөд шинэ үеийнхний улс төр, сонгуулийн оролцоо, улс төрийн сэтгэл ханамж, үнэт зүйлс, итгэлцэл, мэдлэг зэрэг өмнө нь манайд хийгдэж байгаагүй олон шинэ судалгааны сэдвүүдийг хөндсөн болно. Судалгааны үр дүнд шинэ үеийн сонгогчдыг 2020 онд ямар үзэл, хандлагын үүднээс хэрхэн оролцох гэж байгааг тандан кластерийн шинжилгээ хийж нийт есөн бүлэгт ангилан авч үзлээ. Улмаар тэрхүү бүлэг тус бүрийн төр засгийн болон сонгуулийн талаарх санаа бодол, улс төрийн оролцооны төлөв байдлын онцлогуудыг гарган тавихаар оролдсон болно. Судалгааны дэлгэрэнгүй үр дүнтэй танилцахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
2020.05.18 19:57
0
ESURVEY.MN онлайн судалгааны платформ нээлтээ хийлээ
Судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA компани нь хэрэглэгчдэдээ зориулж Esurvey онлайн судалгааны платформыг хөгжүүлэн туршилтын beta хувилбараа гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Бид энэ хугацаанд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэлт шинэчлэлийг хийн албан ёсоор олон нийтэд хүргэхэд бэлэн боллоо. Та бүхэндээ Монголдоо анхны CAWI мэдээлэл цуглуулалтын ESURVEY платформыг танилцуулж байна www.esurvey.mn. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
2020.05.12 19:55
0
Өмнөговь аймгийн ЗДТГ–ын “Хэрэглэгчийн үнэлгээ-2019” хийж гүйцэтгэлээ
Өмнөговь аймгийн ЗДТГ –ын “Хэрэглэгчийн үнэлгээ” зөвлөх үйлчилгээний хүрээнд Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн хэрэгжилтийг  судалж, цаашид хэрэгжүүлэх, сайжруулах шаардлагатай үйл ажиллагааны талаар санал, зөвлөмж гаргалаа. Уг судалгааны мэдээлэл цуглуулалтыг манай байгууллага нь Өмнөговь аймгийн “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын сүлжээ” ТББ –тай хамтран 2019 оны 12 дугаар сарын 14-с 30-ны өдрүүдэд, нийт 15 сумын 2138 иргэнийг хамруулан зохион байгуулав.  Энэ удаагийн төсөлд орон нутгийн иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажилласан нь нэг талаас иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах, нөгөө талаас  хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдсэн нь сайшаалтай байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэхүү үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэх боломж олгосон Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
2020.05.08 14:05
0
Сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагаа, сургалтын чанар хүртээмж, үнэ төлбөрийн нөхцөл байдлыг тодорхойлох” судалгаа
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын захиалгаар “Сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагаа, сургалтын чанар хүртээмж, үнэ төлбөрийн нөхцөл байдлыг тодорхойлох” судалгааны ажлыг 2019 оны 10 сарын 04–с 11 сарын 15–ны хооронд гүйцэтгэлээ. Уг зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд хичээлээс гадуурх сонгон, секц дугуйлангийн үйл ажиллагааны цар хүрээг тогтоох, хүүхдэд чиглэсэн сургалт, хөгжүүлэх ажлын нэр төрлийг нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгах зөвлөмжийг боловсруулсан юм. Мөн дэлхийд сайн боловсролын чанар, хүртээмжийг үнэлдэг нөлөө бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлд үндэслэн сурагчдад сайн боловсрол олгож буй улс орнуудын сургуулиас гадуурх үйл үйл ажиллагааны нэр төрөл, үнэ төлбөр, чанар хүртээмж, зарцуулж буй хугацаа, энэ талаар төрөөс баримталж буй бодлого, зарцуулж буй хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулсан шинжилгээ хийлээ. Тухайлбал, Олон Улсад сургуулиуд сурагчдын сонирхол, хэрэгцээнд тулгуурлан тусгай сургалтын программыг зохиодог учир боловсрол эзэмшихийн зэрэгцээ тухайн хүний хувь хүний хөгжил, бүтээлч байдлыг хөгжүүлэх боломжийг давхар олгодог байна. Түүнчлэн шалгалтын үр дүнд анхаарал хандуулахаас илүүтэйгээр хичээлийг хэрхэн үр дүнтэй заах, сурагчид юуг өөрчилбөл цаашдаа илүү сайн сурах хандлагатай байна вэ, сурах явцыг сурагчдад сонирхолтой болгох тал дээр голчлон анхаарлаа хандуулдаг ажээ.
2020.05.06 14:11
0
Хиймэл оюун ухаан & өгөгдлийн шинжлэх ухааны онлайн хурлыг ивээн тэтгэлээ
Хиймэл оюун ухаан & өгөгдлийн шинжлэх ухааны талаар онлайн хурал зохион байгуулагдлаа. Эс Ай Си Эй ХХК нь ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон ба "DATA LITERACY нь өрсөлдөх давуу тал үүсгэх суурь болох нь" сэдвээр Гүйцэтгэх Захирал Ж. Эрдэнэбилэг илтгэл тавилаа.
2020.04.18 19:50
0
Бүтээмжтэй Монгол хүн 2020
Монгол Улс нь долоо хоногт нэг хүний ажилладаг дундаж цагийн хувьд 2017 оны байдлаар   48   цаг   буюу   Непал   улсын   хамтаар   Ази   тивдээ   хоёрт орж   байгаа   юм https://www.statista.com/statistics/666946/asia-pacific-aVerage-working-hours-by-country/. Харин бүтээмжтэй  байдлын  хувьд манай оронд  үйл ажиллагаа явуулж буй байгууллага тус бүрд судалсан тооцоо бүртгэл тун ховор. Түүнчлэн манай орны иргэдийг бүтээмж өндөртэй болгоход нөлөөлдөг байгууллагын болон хувь хүний хүчин зүйлс одоо болтол хангалттай судлагдаагүй байгаа  юм.  Эдгээр  нөхцөл  байдлуудаас  үүдэн  бид  олон  цагаар  ажилладаг  боловч  хэр  үр бүтээмжтэй  байдаг  талаар  эргэлзээ  үүссэн  бөгөөд  ялгаатай  хувь  хүний  шинж  бүхий  хүмүүс өөрийн болон улс орны хэмжээнд бүтээмжтэй байдал ба түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг алхам алхмаар судлах хэрэгцээ бий хэмээн ажиглагдсан. Иймд “Бүтээмжтэй Монгол Хүн 2020” судалгааг байгууллагын сэтгэл зүйн үйлчилгээний “Райт Майнд Солюшнс” ХХК нь судалгаа, шинжилгээ,  зөвлөх  үйлчилгээний  “Эс  Ай  Си  Эй”  ХХК-н  тусламжтайгаар  хамтран  хийж гүйцэтгэсэн болно. Энэхүү судалгаа нь ялгаатай албан тушаал ба насны ангилал бүхий ажилчдын өөрийн болон бусдын бүтээмжтэй байдалд хандах өнөөгийн хандлага, түүнд нөлөөлж буй сэтгэл зүйн болон бусад хувь хүний хүчин зүйлсийг илрүүлэх зорилготой юм. Та судалгааны олон сонирхолтой үр дүнгүүдтэй www.datamon.mn платформоос үнэ төлбөргүй татаж авч танилцана уу. Судалгааны үр дүнтэй танилцсанаар бүтээмжтэй байдалд эерэг ба сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг мэдэх боломжтой. Ялангуяа хүний нөөцийн мэргэжилтнүүд та бүхнийг уншиж танилцахыг уриалж байна.
2020.04.15 19:46
0