Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын захиалгаар SICA компани нь "Smart Chingeltei" гар утасны аппликэйшнийг амжилттай хийж гүйцэтгэлээ. Уг аппликэйшний гол онцлог нь төрийн үйлчилгээг иргэдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ижил тэгш хүртэх боломжийг олгосон явдал юм.
Хэрэглэгч юу хүсэж байна, түүн лүү тэмүүлсэн технологи руу илүү хүчтэй хөгжиж байна. Өнөөдөр интернэт, хөдөлгөөнт хэрэгсэл гэсэн 2 зүйл нь хэрэглэгчдийн хүсэж байсан орон зайг дүүргэж орж ирсэн. Хэрэглэгч хаана ч, хэзээ ч буюу орон зайнаас үл хамааран өөрийн хэрэгцээт мэдээллээ авч байхыг чухалчлах болжээ.
“СМАРТ ЧИНГЭЛТЭЙ” гар утасны аппликэйшн нь иргэдийг бодитой, цаг үеийн мэдээ, мэдээллээр хангаж, төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах, санал хүсэлтээ илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх, төр нь иргэдийнхээ санал хүсэлтэд үндэслэн бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөх, хэрэгжүүлэх боломжийг олгосон цогц систем юм.
Аппликэйшний онцлох цэсүүдээс танилцуулбал ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ цэсээс дүүргийн танилцуулгыг 4 бичгийн хэлээр хүлээж авч, МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ цэсээс цаг үеийн, онцлох, дүүргийн иргэн бүрд хэрэгтэй мэдээллийг өгөх бол, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ цэсээс дүүргийн бүх алба хэлтсийн, хариуцаж буй ажилтан, холбоо барих мэдээлэл болоод бүрдүүлэх материалыг авах боломжтой. САНАЛ ХҮСЭЛТ цэсээр дамжуулан талархал, санал, хүсэлт, гомдол зэргийг зургаар баяжуулан дүүрэгт илгээх боломжтой бол, дүүргийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор "Smart Chingeltei" аппликэйшндээ ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ цэсийг байршуулан бүтээгдэхүүнийг нь сурталчилж байна.