ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙН АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА

Манай компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цаг үеийн сэдвүүдийг хөндсөн судалгааг хийн, үр дүнг олон нийтэд нээлттэй танилцуулж ирсэн билээ. Бид “Хөл хорионы үеийн өрхийн нөхцөл байдлын судалгаа” -г гүйцэтгэн, 2020 оны 12 сарын 10-нд олон нийтэд нээлттэй танилцуулж байсан бол, энэ удаад “Хөл хорионы үеийн албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүнгээ танилцуулахад бэлэн болоод байна.

Судалгаагаар COVID-19 цар тахлын хөл хорионы үеийн албан бус хөдөлмөр эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг судлаж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх санал бодлыг нь тодруулсан юм. Судалгаанд Улаанбаатар хотын төвийн 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 385 албан бус хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллийг хамруулсан бөгөөд СATI (утсаар мэдээлэл цуглуулах арга) аргыг ашиглан  мэдээлэл цуглуулалтыг 2020 оны 12 сарын 25-аас 2021 оны 01 сарын 03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Судалгааны гол үр дүнг нэтгэн, дүгнэж үзвэл:

  • Судалгаанд албан бус секторт хөдөлмөр эрхэлдэг, үйл ажиллагааны чиглэлээрээ ялгаатай нийт 385 иргэн хамрагдсан ба аль ч салбарын хөдөлмөр эрхлэгчид хамгийн багадаа 6 жил үйл ажиллагаа явуулсан байлаа. Энэ нь хувиараа хөдөлмөр эрхэгчдийн хувьд харьцангуй тогтвортой олон жил энэ хэлбэрээр ажиллаж байгааг харуулж байна.
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь гэр бүлээр хамтран ажиллах байдал түгээмэл байсан ба 40.0 орчим хувь нь өөрөөсөө гадна дунжаар 4 ажилтан ажиллуулж байсан. Энэ хөл хорионы үед ажил олгогч нь ажилтнуудаа цалингүй амраасан тохиолдол их байлаа. Хөл хорионы үед албан бус хөдөлмөр эрхлэгчид огт орлогогүй байгаагаас ажилтнуудаа цалинжуулах боломжгүй нөхцөл байдалтай байна.
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдгээрийн 26 хувь нь цаг хугацаанд бүтэн болон тодорхой хөнгөлөлт эдлэн түрээсийн төлбөрөө төлсөөр байгаа бол үлдсэн хэсэг нь түрээсээ төлөх боломжгүй нөхцөлд байлаа.
  • Судалгаанд хамрагдсан оролцогчдын 60 орчим хувь нь зөвхөн өөрийнхөө хувиараа хөдөлмөр эрхэлсэн орлогоор өрхийнхөө нийт орлогыг бүрдүүлж байгаагаас өрхөд нь санхүүгийн хүндрэл үүсэж зээлийн дарамтад өртөж байна. Үүнтэй холбоотой судалгаанд хамрагдсан албан бус хөдөлмөр эхлэгчдийн 7.5 хувь нь хоол хүнсний хомсдолд орсон байгаа нь эдгээр өрхийн өдөр тутмын амьдралд ноцтой хүндрэл үүссэнийг илэрхийлж байна.
  • Цаашид зээлийн хүүг бууруулах, зээл төлөлтийг хөнгөрүүлэх, түрээсийн төлбөрт хөнгөлөлт, зохицуулалт хийх зэрэг туслалцаа дэмжлэгийг илүүтэй хүсэж байна.

Эрхэм та судалгааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл манай компанийн хөгжүүлж буй www.data.mn цахим хуудас руу зочлон, үнэгүй татан авна уу.

Мөн судалгаатай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Эс Ай Си Эй ХХК-ийн Дэд захирал Г.Эрдэнэ (и-мэйл: erdene@sica.mn, утас: 90052000)-тэй холбогдоно уу.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй